П.Цагаан: Бүх шатны намын даргыг гишүүд нь сонгодог эрхийг нь өгөх болсон

Ардчилсан намын VI их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт өөрчлөлтийг батлахаар товлосон. Намын Үндсэн дүрмийн талаарх хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын гишүүн П.Цагаан үг хэлсэн юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

 

- Та АН-ыг шинэчилсэн шиг шинэчилье гэлээ. Ингэхийн тулд юуг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна вэ?

- Ардчилсан нам ард түмний үйл хэргийн төлөө, ард түмний итгэлийг дааж явъя гэвэл одоо л шинэчилсэн шиг шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Ингэхдээ, нэгдүгээрт АН-аа дотоод ардчилалтай, дүрмээ мөрддөг, гишүүд, боловсон хүчнээ сургаж, дадлагажуулдаг болгоё.

Хоёрт, сонгогч олон түмэнтэйгээ амьд харилцаатай байж, намын эгнээ, дэмжигчдээ байнга өргөжүүлдэг байя. Гуравт, намын үйл ажиллагааны ил тод байдал буюу санхүү, татвар, хөрөнгийн орлого зарлага, төлөвлөлт, тайлан, цахимжуулалт гээд багц шинэтгэл хийх шаардлага бий. Хуучин аргаар додомдох буюу хагас дутуу шинэчлэл хийх аваас өнөөгийн намгаас гарч, олон түмний нам болоход хэцүү.

- Та энэ удаагийн хурлаас тодорхой ямар шийдвэр гараасай гэж хүсч байгаа вэ?

- АН энэ удаагийн хурлаар гурван  шийдвэр гаргаасай. Эхнийх нь түүхэн үүргээ гүйцэтгэсэн ҮЗХ-г татан буулгах хэрэгтэй. Оронд нь бүх сум, аймгийн баг, дүүргийн төлөөллөөс бүрдсэн Их хуралдайтай болох хэрэгтэй. Их хуралдайд АН-ын дарга болон нэгдэж нийлсэн намын дарга нар гишүүн байх эрхийг нь нээгээд өгчих ёстой юм. Их хуралдай жил бүр тогтсон өдөр цаг хуралддаг байх бөгөөд Их хуралдайн хооронд байнга ажиллах энгийн бүтэцтэй Ерөнхий зөвлөл ажилладаг байх зэрэг өөрчлөлтийг тусгасан байгаа. Хамгийн чухал нь намын эв эеийг хагаралдуулдаг, эрч хүчийг бардаг фракцуудыг татан буулгаж, фракцгүй нам болж байгаагаа энэ Их хурлаараа зарлах хэрэгтэй. Эрх ашгийн төлөөх фракцууд биш төрөл бүрийн Бодлогын зөвлөл харин байх ёстой.  Намын дүрмийг санал хураалтаар баталдаггүй юм. Тиймээс бичгийн болон намын ажлын туршлагатай 9-11 хүний бүтэцтэй ажлын хэсэг байгуулж дараагийн Их хурлаар шинэ дүрмийг батлуулаасай гэж бодож байна.

- Та намын даргыг сунгаагаар сонгох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Таны санал намын дүрэмд орж батлагдах юм шиг байна, тийм  үү?

-Ер нь энэ удаагийн шинэчлэлийг АН гишүүдээсээ асуудаг, гишүүдээ сонсдог, гишүүдээрээ шийдүүлдэг зарчмаар, ийм арга замаар хийх учиртай.Үүнээс өөр оновчтой бөгөөд  зөв арга байхгүй.Ер нь Ардчилсан намын даргыг төдийгүй аймаг, дүүргийн намын даргыг гишүүд нь сонгодог эрхийг гишүүддээ өгөх цаг болсон.

 

М.Мөрөн

 

 

 

 

 


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Бусад мэдээ